Буриадад чоно агнах хугацаа дуусав
Буриадын Баргужин аймгийн чонын анчин Цыренжап Доржиев. © "Буряад үнэн" сонин

Буриадад чоно агнах хугацаа дуусав


   Буриад улсад энэ жил саарал чоно агнах зөвшөөрөгдсөн хугацаа гуравдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсныг тус улсын Байгаль орчны хяналтын газар мэдээллээ. Хугацаа дууссан тул анчид агнасан чонынхоо талаарх мэдээллийг 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн дотор тус байгууллагад ирүүлэхийг мөн заажээ. Мэдээллийг биечлэн болон шуудангаар ирүүлж болох бөгөөд тогтоосон хугацаанд агнуурын мэдээллээ ирүүлээгүй анчид “хар жагсаалт”-ад орохоор зогсохгүй ан хийх шинэ зөвшөөрөл авах эрх нь нэг жилийн хугацаагаар хасагдах болно гэдгийг анхааруулсан байна.

   Буриадад жилдээ ойролцоогоор 500 чоно агнадаг боловч Өвөр Байгалын хязгаар, Монгол улсаас чоно нүүдэллэн ирэх нь ихэссэн тул тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрс өссөн юм. Улсын төсөвт нэг чоно агнасны урамшуулалд 8000 рублиэр бодож жил бүр дөрвөн сая рублийн зардал суулгадаг байсныг 2024 онд мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн байна. 2023 онд тус улсад 2323 толгой саарал чоно тоологдсон юм. ОХУ-д Буриадаас гадна Уулын Алтай, Тува, Киров муж, Пермийн хязгаар, Карелийн БНУ-д энэ амьтан элбэг бөгөөд чонын сайн анчид олон байхаас гадна чоно агнасны урамшууллаар амьжиргаагаа залгуулдаг хүмүүс ч байдаг байна.     


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.